
Монгол Улс, ХБНГУ хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан соёлын хамтын ажиллагааны хүрээнд “Анагаагч Эх Дэлхий” үзэсгэлэнг дэглэж, Чингис хаан Үндэсний музейд (2025.12.04) олон нийтэд дэлгэлээ.
Тус үзэсгэлэн нь хүн, байгаль, нүүдлийн уламжлал, хотжилт, экологи, сүнслэг оршихуй зэрэг өргөн хүрээний сэдвийг хамарсан, зөвхөн уран бүтээлийн цуглуулга бус, хоёр орны урлаг, түүх, соёлын үзэл санаа солилцох талбар болж буйгаараа онцлогтой.
Үзэсгэлэнд Монгол Улсын бэлчээрийн даац, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн малчдын эдийн засгийн хүндрэл зэрэг асуудлыг олон улсын тогтвортой хөгжлийн хүрээнд авч үзэх шаардлагатайг хөндөж, хүн байгалийн дахин холбогдох хүсэл, сэргэлэн амьдрахуй,эх дэлхийгээ анагаахуй гэх утгыг уран бүтээлчид бүтээлээрээ дамжуулан илэрхийлж буй аж.
Анагаагч Эх Дэлхий үзэсгэлэн нь 2024 онд тохиосон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд ХБНГУ-ын ГХЯ-ны дэмжлэгтэйгээр Күнстхалле Дюссельдорф музейд зохион байгуулагдсан “Эх Дэлхийгээ Анагаахуй” төслийн Улаанбаатар дахь үргэлжлэл юм. Энэхүү үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын түр үзэсгэлэнгийн танхимд ирэх оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл нийтийн хүртээл болно.