
Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун Италийн Ром хотод байрладаг Олон Улсын Өвийн хүрээлэнгийн захирал Сержио Иовинотой харилцан ойлголцлын Санамж бичиг (2026.01.20) байгууллаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд үзмэр цуглуулгыг дижитал хэлбэрт оруулж, олон улсын соёлын платформуудад нэгтгэх, тусгай хэрэгцээт иргэд музейн соёлын өвд хандах боломжийг хангах, музейн ажилтнууд, хөтөч нарыг чадавхжуулах, ахисан түвшний сургалтад хамруулах, эрдэмтэн, куратор, мэргэжилтнүүдийн хооронд хамтарсан судалгааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.
Олон Улсын Өвийн Хүрээлэн нь дэлхийн хэмжээнд соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сурталчилгаа, үнэлэмжийг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, биет болон биет бус соёлын өвд онцгой анхаарлаа хандуулж, олон улсын хамтын ажиллагаа, соёлын дипломат ажиллагаа болон соёл хоорондын яриа хэлэлцээг дэмжин ажилладаг байна.